Дэлхийн аль ч улс оронд өндөр настнуудын тоо хүн амын дунд эзлэх хувь өдөр ирэх тусам өсөх болсон. Тэр ч утгаараа улс орнуудад ахмад настнууддаа зориулсан олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа билээ. Энэ бямба гарагт Тайваньд болсон хүндийн өргөлтийн тэмцээн үүний нэг сонирхолтой жишээ юм.
Уг тэмцээнд оролцсон 90 настай Чен Чен эмээг Ройтерс агентлаг онцолжээ.
Чен Чен Тайпэйд болсон тэмцээнд 35 кг жингийн туйванг ядах юмгүй бүсэлхий хүртлээ өргөөд буулгасныхаа дараа үзэгчид рүү инээмсэглэн даллаж байв. Түүний хувьд өнгөрсөн жилээс хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн аж. Ач охин нь эмээгээ Паркинсоны өвчтэй гэж оношлогдсоны дараа энэ спортоор хичээллэж эхлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Тэрээр уг дасгал эрүүл мэндийн зарим асуудлыг нь шийдвэрлэхэд тусалсан гэдгийг ч дурджээ.
Чен Ченээс гадна 70-аас дээш насны 44 хүн оролцсон хүндийн өргөлтийн уг тэмцээнийг үзсэн хэдэн зуун хүний дунд түүний гэр бүлийн гурван үеийнхэн байлаа.

Гурван тойрог үргэлжилсэн уг тэмцээнд Чен Чен зургаан өнцөгт туйван ашиглан 45 кг өргөжээ. Зургаан өнцөгт туйван нь өргөгчийг илүү тогтвортой болгож, барьц алдахгүй байх боломж олгодог байна. Тэмцээний дараа Чен Чен “Ройтерс” агентлагт хэлэхдээ “Би ахмад настнуудыг дасгал хөдөлгөөнд нэгдээрэй гэж уриалмаар байна. Заавал шаргуу хичээллэх шаардлагагүй шүү дээ. Зүгээр л эрүүл байхын төлөө хийхэд болно.” гэжээ. Тус тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай оролцогч 92 настай байв.
Ирэх онд Тайваний 23 сая хүн амын хориос дээш хувь нь 65 болон түүнээс дээш насныхан болох бөгөөд “хэт өндөр наслалттай нийгэм” болох талаар Үндэсний хөгжлийн зөвлөлөөс нь мэдээлжээ. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч Эрүүл мэндийг дэмжих албаны мэдээлснээр тус улсын засгийн газар ахмад настнуудад зориулсан тоног төхөөрөмж бүхий фитнес төвүүдийг улс даяар байгуулсан байна.
Эх сурвалж: Reuters