https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380

4.2 сая гаруй эрвээхэй цуглуулсан Африк дахь эрвээхэй цуглуулагч

60 гаруй жилийн өмнө эхлүүлсэн хобби нь Стив Коллинзыг Африкийн хамгийн том эрвээхэйн цуглуулгатай цуглуулагч болгожээ. Өдгөө 74 настай тэрбээр Кени улсын баруун хэсэгт төрж өссөн бөгөөд таван настайгаасаа хойш эрвээхэй сонирхон судалж, хэдэн зуун төрөл зүйлийг төлөөлүүлэн 4.2 сая гаруй болтол нь цуглуулгаа өсгөсөн байна.

“Конгод очсоны дараа эцэг эх маань эрвээхэй хайж байгааг минь урамшуулж, зарим найзууд нь урхины тор хүртэл бэлэглэж байсан” хэмээн дурсан ярих Коллинзын хувьд 15 настайдаа эрвээхэйн талаар илүү ихийг судлахаар хэд хэдэн орноор зочилсон гэнэ. Агрономич мэргэжлээр 20 жил ажиллахдаа Коллинз чөлөөт цагаа судалгааны ажилд зориулжээ. Тэрээр 1997 онд Африкийн эрвээхэй судлалын хүрээлэнг байгуулсан байна.

Түүний цуглуулга 1998-2003 оны хооронд боловсролын төвөөр ажиллуулж байх үед нь олон нийтэд нээлттэй байсан ч хувийн цуглуулга гэж явдаг байна. Коллинз Африкийн өнцөг булан бүрээс цуглуулсан 1.2 сая эрвээхэйг жаазанд нямбай гэгч нь наагаад тавиур дээр хадгалдаг бөгөөд үлдсэн 3 саяыг нь дугтуйнд хадгалдаг. Эрвээхэйнүүдийг харанхуй газар хадгалах хэрэгтэйгээс гадна хатаасан эрвээхэйг бусад шавж, шимэгч, махчин амьтдад идүүлэхгүй байх тал дээр анхаарах ёстой гэнэ. Мөн тэрээр хортон шавжны аюулгүй байдлыг хангах үүднээс жилд нэг удаа шавж устгах үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Африк судлалаар мэргэшсэн экологич, Оксфордын Бруксын их сургуулийн зочин профессор Жулиан Бэйлисс 20 гаруй жилийн турш Коллинзд зориулж эрвээхэй цуглуулсан гэв. “Африкийн амьдрах орчны томоохон хэсэг устаж үгүй ​​болж байгаа тул энэ цуглуулгын нэлээд хэсэг нь орлуулшгүй” гэж Бейлисс дурдсан юм. Бэйлисс цуглуулгыг дэлхий даяар хүртээмжтэй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлэхийг Коллинзд санал болгоод байгаа аж.

Коллинзын хамгийн үнэ бүхий эрвээхэй нь 8000 долларын үнэтэй бөгөөд тэрээр цуглуулгаа хулгайд алдахаас болгоомжилж, хувь хүн эсвэл судалгааны байгууллагад зарна гэсэн бодолтой байгаагаа хэлсэн юм. Тус хүрээлэнг ажиллуулах зардал өндөр бөгөөд 2009 онд Африкийн Лепидоптеристуудын нийгэмлэгийн вэбсайтад нийтлэгдсэнээр жилийн төсөв нь 200,000 доллар байжээ. Тэрээр өөрөө нас явж байгаа учраас дараагийн хойч үедээ уг цуглуулгаа шилжүүлнэ гэж найдаж байгаа талаараа хуваалцсан юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

https://www.profitablecpmrate.com/z802yxmc?key=07ea05a78c3aee13d974316e42bcc380
Scroll to Top