ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна.
Мөн бүх төрлийн тэтгэмжийн инфляцын түвшинд уялдуулан 6 хувиар нэмэхээр 2025 оны Төсвийн тухай хууль тусгажээ.