Төв талбайд жагсаж байсан иргэд 20.00 цаг өнгөрч байхад алхсаар төрийн гурван өндөрлөг амьдардаг Их тэнгэрт ирж, Засгийн газрыг огцрохыг, УИХ-ыг тарахыг шаардаж жагсаалаа үргэлжлүүллээ.
Ийм шаардлага тавих болсон үндэслэлээ жагсагчид татварын дарамт их, залуус эх орондоо амьдрах боломжгүй зэрэг олон асуудлыг Засгийн газар, УИХ шийдвэрлэж чадахгүй байгаа тул Засгийн газар огцорч, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах ёстой гэлээ. Шаардлагын хариуг 24 цагт багтаан өгөх ёстойг сануулав.
Харин цагдаагийн байгууллагын зүгээс өнөөдрийн жагсаалыгг зөвхөн Сүхбаатарын талбайн бүсэд 11.00-17.00 цагийн хооронд хийх зөвшөөрөлтэй тул хууль журмаа барихыг анхаарууллаа. Мөн төрийн тусгай хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан зохион байгуулах эрхгүй болохыг сануулсан юм.
Жагсаалд оролцогчид өнөөдөр төв замыг хааснаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 35 чиглэлийн 284 автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үүнээс 129 автобус 2-6 цагаар зогссон бол 150 гаруй автобусыг өөр замаар тойруулж нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлсэн болохыг Нийтийн тээврийн бодлогыг газраас мэдээллээ. Тээврийн цагдаагийн албатай хамтран дээрх зохицуулалтыг хийж ажиллажээ.
- Энхтайваны өргөн чөлөө Сүхбаатарын талбайн орчим баруунаас ирсэн тээврийн хэрэгслийг Цэцэг төвөөр хойш нь,
- Зүүнээс ирсэн тээврийн хэрэгслийг МУБИС-иар хойш нь эргүүлж,
- Урдаас ирсэн автобусыг Нэгдүгээр сургуулиар эргүүлж зохицуулалт хийжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 960 автобус үйлчилгээнд гарсан юм. Гэвч жагсагчид 12.00 цагийн орчмоос төв замыг хааснаар тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болсон юм.