Жагсагчдын нэг хэсэг нь талбай дээр үлдэж, нөгөө хэсэг нь Их Тэнгэрийн аманд хүрлээ. Төрийн ордон тойрон гороолж байсан жагсагчид Их Тэнгэр лүү чиглэсэн юм.
Тэд шаардлагаа үргэлжүүлж байгаа бөгөөд УИХ-ыг тарж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.
Харанхуй болсон ч, Төв талбай дахь жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид өглөө “Засгийн газрыг огцрох” хэмээж байсан бол орой нь “УИХ-ыг тар” гэж шаардаж эхэллээ.
Улмаар Төрийн ордон руу орохоор дайрч цагдаа, төрийн албан хаагчид иргэдийг Чингисийн хөшөөний өмнөх шатнаас хүчээр түлхэж буулгаж байна.
Энэхүү жагсаалыг “Эрх чөлөөний эвсэл” намынхан буюу Э.Одбаяр, Б.Цацрал нар санаачлан, олон нийтийг уриалсан.
Тэд анхнаасаа Засгийн газрыг огцрохыг шаардаж, уриа лоозонгоо ч ингэж бэлдэж гарч ирцгээлээ.
Тэгвэл жагсаалд оролцогч иргэдийн зүгээс хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Шууд огцруулах биш утаа, түгжрэл арилгах, татварын дарамтаас чөлөөлөх зэрэг тодорхой шийдлүүдээ танилцуулахыг шаардаж байна” гэсэн байр суурийг илэрхийлцгээж буй юм.
Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос цугласан олонд хандан тайван жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг сануулсан.
Өнөөдөр /2025.01.11/ 12.00 цагт эхэлсэн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид автомашины замын хөдөлгөөнд саад учруулж эхэллээ. Тэд “Эрх баригчдыг гарч иртэл зам хааж зогсоно” хэмээцгээн Төв шуудангийн уулзварыг хаан зогсоцгоожээ.
Улмаар төв зам дамжин өнгөрдөг 15 чиглэлийн автобусны хөдөлгөөн хаагдаад хоёр цаг гаруй болов. Иргэдээс Нийслэлийн тээврийн газарт хандан “M1 буюу “Офицеруудын ордноос-Таван шар”, “57 Улаанчулуут-МУИС”, “III,IV хороолол-Шар хад”, “Зүүн салаа-УБИС”, “Сүхбаатарын талбай-Зунжин худалдааны төв”, “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” зэрэг чиглэлийн автобус явахгүй байна” гэжээ.