-Улаанбаатар хотын утааг шийдэж чадахгүй 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд утаа иргэдийн эрүүл мэнд тэр дундаа хавдрын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг ХСҮТ-ийн эмч нар хийсэн үү?
-Манай улсад судалгаа хийнэ гэдэг амаргүй. Судалгааны ажил маш өндөр өртөгтэй байдаг. Тиймээс бид судалгаа хийх нь хомс байдаг. Гэхдээ олон улсын төслийн хүрээнд генетикийн хамгийн дээд түвшний судалгааг хийсэн. АНУ, Испани, Франц, Сингапур зэрэг улстай хамтран генийн түвшинд элэгний эс дээр судалгаа хийсэн. Энэ судалгааг одоогоор Монгол Улс дангаараа хийх боломжгүй. Утаа аль хавдарт илүү нөлөөлж байгааг бид уушги, нойр булчирхай, хөх гэх мэт хавдар дээр судалж болно. Харамсалтай нь ийм судалгаа байхгүй. Харин элгэн дээр хийсэн нэг судалгаа л байгаа. Гэтэл элэг утааны нөлөөлөл хамгийн бага эрхтэн. Хамгийн эхлээд уушги, хамар залгиур, нойр булчирхай гээд ярих ёстой юм.
-Тэгвэл уушги, амьсгалын эрхтэн гэх мэт утааны нөлөөлөл хамгийн их байх эрхтнүүдийн хавдрын өвчлөл хэр байна вэ. Энэ талаарх судалгааг хийсэн үү?
-Манай улс дэлхий дээр элэг, ходоодны хавдраар тэргүүлж байгаа. Одоо уушги, улаан хоолойн хавдраар араас нь орж байна. Нас баралтаараа дэлхийд эхний 10-т орж байна. Уушгины хавдар бол дэлхийд тэргүүлж байгаа хавдрын нэг. Гэтэл манайд бүртгэгдэж байгаа уушгины хавдар дэлхийд мөн тэргүүлээд эхэлж байна. 10, 15 жил гэлтгүй уушгины хавдрын нас баралтаар элэг, ходоодоо тэргүүлээд нэгт орно гэж бид бүхэн харж байгаа.
-Сүүлийн үед хавдрын өвчлөл асар нэмэгдэж байна. Энэ яг юутай холбоотой юм бэ. Эрт илрүүлээд байгаа учраас өвчлөл нэмэгдэж байгаа харагдаад байна уу, эсвэл утаа, чанаргүй хүнс, амьдралын буруу дадлаас үүдээд байна уу?
-Эрт илрүүлж байгаагаас болж байна гэхээр манай улс нийт хавдрын тохиолдлынхоо тавхан хувийг эрт үед нь илрүүлж байна. Өмнө нь 70 хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан бол одоо 65 хувь нь илэрч байна. Гэтэл бусад улс орнууд 25-аас доош хувь дотор байна. Ер нь илрүүлсэн ч гэж хэлэхэд хэцүү юм. Иргэд өөрсдөө эцсийн шатанд орохоороо ирж байгаа. Тиймээс ч нэг жилийн дотор буюу оношлогдсон жилдээ 60-аад хувь нь нас барж байна. Энэ хамгийн харамсалтай тоо болчихоод байгаа юм. Нэг үгээр бид хожуу шатанд нь илрүүлсээр л байна. Эрт шатанд нь илрүүлж чадахгүй байсаар байгаа. Тиймээс сайн дурын ч юм уу, нэг удаагийн улс төрийн илрүүлгийн тогтолцоо үр дүнтэй болж чадахгүй. Монгол Улсад тогтсон хяналтын тогтолцоо бүрдэж байж эрт илрүүлдэг болно.
Түүнээс биш хэн нэгэн мундаг дарга гарч ирснээр шинэ юм бий болдог, бүтдэг юм биш. Тогтолцоо бүрдүүлэх ёстой юм. Тогтолцоог бий болгоод байнга сайжруулж байх ёстой. Бид нэг юм эхлүүлээд хаядаг, дараагийн хүн нь дахиад шинэ ухаантай юм гаргаж ирдэг. Гэтэл дэлхийн улс орнууд аль хэдийн бий болгочихсон тогтолцоог дагаад хийгээд байх л ёстой юм.
-Тэгвэл манай эрт илрүүлэг хавдрын өвчлөлийн тавхан хувьд л үр дүн үзүүлсэн юм байна. Эрт илрүүлэг нэвтрүүлсэн ч үр дүнтэй болж чадаагүй гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Эрт илрүүлэг хэдийдээ үр дүнтэй байх вэ гэхээр хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй, үр ашигтай зүйл хийснийг л хэлнэ. Тиймээс бид бага зардал гаргаад олон хүний хавдрыг илрүүлж чадсан бол үр дүнтэй илрүүлэг болно. Саяын явсан илрүүлэг Монгол Улсад тус болсон уу болсон. Эрт илрүүлэг гэж ярьдаггүй байсныг ярьдаг болгосон. Гэхдээ байнгын тогтвортой, хавдрыг эрт илрүүлж байдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ тогтолцоог дэлхийн улс орнууд хяналтын тогтолцоо гэж нэрлэдэг. Энэ тогтолцоо нь сум нь хүмүүсээ хянаад сумыг нь аймаг, аймгийг нийслэл нь хянаад эрт илрүүлэгт орох насны товлолоор нь үзлэгээ хийгээд явдаг. Тухайлбал, 45 нас хүрсэн бол бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Учир нь энэ насныхан бүдүүн гэдэсний хавдар илрэх хамгийн магадлалтай. Бүдүүн гэдэсний хавдар чимээгүй хавдрын нэг.
-Хүүхдүүд, залуучууд ч гэсэн хавдраар өвдөөд байна. Энэ нь утаа, чанаргүй хүнс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой байна уу?
-Танай асуусан шалтгаан гэдэгт хариулж чадахгүй байгаа нь энэ л дээ. Монгол Улсад хавдрыг үүсгэх маш олон төрлийн шалтгаан байгаа. Утаа, хоол хүнс, тамхи, архи гээд маш олон шалтгаан, хүчин зүйл нөлөөлөөд байгаа.
Ж.Чинбүрэн эмч нарын хийсэн ХСҮТ-ийн судалгаан дээр нэг тоо гарсан. Энэ нь элэгний хавдар В,С-ээр үүсгэгдсэн байна. Мөн байгаль орчны шалтгаанаар үүссэн гэсэн үр дүн гарсан. Түүнчлэн энэ судалгаагаар барууныхан, европынхон 1-2 мутациар хавдар үүсгэгдсэн бол монгол хүний хавдрыг үзэхэд долоо дахин илүү мутациар үүсгэгдэж байна гэсэн үр дүн гарсан. Нэг үгээр хэлбэл, монголчуудын хавдар утаанаас болсон гэхээсээ илүү маш олон шалтгаанаар үүссэн байна гэсэн үг.
Бидний бие дээр уушги, хөх, ходоодны хавдар үүсэж байгаа. Гэтэл үүнд ганцхан шалтгаан нөлөөлөөд байгаа юм биш. Маш олон хүчин зүйл нөлөөлөөд өөр өөр төрлийн мутаци өрсөлдөж хавдар үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр бид хамгийн их хархны гэж хэлдэг хавдар үүсгэх хүчин зүйлд нөлөөтэй орчинд амьдарч байгаа ард түмэн болж хувирчихаад байна.